Дорноговь аймгийн Өргөн суманд хогийн цэгийн эрэг нурж, 13 настай хүүхэд шороонд дарагдан амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 24-нд гарчээ.
Тодруулбал, хогийн цэг дээр тоглож байсан зургаадугаар ангийн сурагч эрэгтэй хүүхэд шороонд дарагдсан бөгөөд уг хэргийг Дорноговь аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа юм.
Хэрэг гарсантай холбогдуулан Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Өргөн суманд ажиллаж, осол болсон газрыг яаралтай булж, аюулгүй болгох үүргийг лиценз эзэмшигч компанид өгсөн байна.
Мөн талийгаач хүүхдийн оршуулгын болон бусад зардлыг компаниас шуурхай гаргахыг аймгийн удирдлагууд сануулжээ. Үүнээс гадна ар гэрт нь хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор өмгөөлөгч гаргаж өгөхийг орон нутгийн удирдлагуудад даалгасан байна.
Энэ үйл явдалтай холбоотойгоор Дорноговь аймгийн хэмжээнд уул уурхайн олборлолт, ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоожээ. Компаниуд нөхөн сэргээлт хийгээгүй орхисон талбайгаа бүрэн сэргээж, зөрчлөө арилгасны дараа үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхээр болсон байна.
Орон нутгийн иргэдийн зүгээс хүүхдүүд аюултай бүсэд чөлөөтэй нэвтэрч байсан асуудалд анхаарал хандуулж, уул уурхай болон хогийн цэг орчмын хамгаалалт, хяналтыг чангатгах шаардлагатай байгааг хэлж байна.





