Эрүүл мэндийн яамны мэдээллээр сүүлийн таван жилийн хугацаанд амиа хорлосон хүүхдийн тоо буурахгүй хэвээр байгаа бөгөөд 2024 онд хамгийн өндөр үзүүлэлт бүртгэгджээ.
Тодруулбал, 2021 онд нийт 62 хүүхэд амиа хорлосон бол 2022 онд 54, 2023 онд 46 байсан байна. Харин 2024 онд энэ тоо дахин өсөж 62 хүрсэн бол 2025 оны байдлаар 45 тохиолдол бүртгэгджээ.
Насны бүлгээр нь авч үзвэл 15-19 насныхан хамгийн өндөр хувийг эзэлж байгаа бөгөөд 2025 онд энэ насны 33 хүүхэд амиа хорлосон байна. Мөн 10-14 насны 11 хүүхэд, 5-9 насны нэг хүүхэд амиа хорлосон харамсалтай тоо бүртгэгджээ.
Үүнээс гадна Нийгмийн үзүүлэлтийн 2023 оны түүвэр судалгаагаар 15-19 насны хүүхэд, залуусын 4.1 хувь нь амиа хорлох талаар бодож байсан гэж хариулсан байна. Харин 20-24 насны залуусын 1.9 хувь нь ийм бодол төрж байсан гэжээ. Энэхүү үзүүлэлт нь сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр анх удаа судалгаанд багтсан аж.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа байна. 2021 онд 83 хүүхэд гэмт хэргийн улмаас нас барж байсан бол 2025 онд энэ тоо 119 болж, өмнөх оноос наймаар өсжээ.
Харин гэмт хэргийн улмаас гэмтсэн хүүхдийн тоо 2025 онд 935 бүртгэгдсэн нь өмнөх оноос 62-оор буурсан үзүүлэлт болсон байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд, аюулгүй орчин, гэр бүл болон нийгмийн дэмжлэгийг сайжруулахгүй бол дээрх үзүүлэлтүүд цаашид ч анхаарал татсан хэвээр байх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.





