“Акуа гарден” хотхонтой холбоотой “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэв.
Улмаар Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэлэлцээд, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
Уг хэрэгт анхан шатны шүүх “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.
Харин Улсын дээд шүүхийн 2026 оны тавдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгожээ. Тухайн үед давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг өөрөө эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан гэж дүгнэсэн байна.
Үүний дараа давж заалдах шатны шүүх 2026 оны долдугаар сарын 8-нд хэргийг дахин хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.
Ийнхүү уг хэрэгт холбогдох талуудын гомдлыг Улсын дээд шүүх хяналтын журмаар хэлэлцэхээр болсон бөгөөд эцсийн шийдвэр хараахан гараагүй байна.





