Өнөөдрийн зурхай
Ubfocus

“Амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгосноор мэс заслын тоо нэмэгдэнэ”

Sarantsetseg
Author
May 9, 2026
2 min read
482 views
“Амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгосноор мэс заслын тоо нэмэгдэнэ”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонхын дэмжлэгээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд ажлын хэсгийнхнээс асуулт асууж, хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Б.Уянга:

— Цусны донорын идэвхтэй насны бүлэг 24-40 насныхан байна. Одоогийн байдлаар цусны нөөц хүрэлцээтэй байгаа юу. Мөн энэ хууль батлагдсанаар цусны донорын тоо нэмэгдэх боломжтой юу?

Ажлын хэсэг:

— Цусны нөөцийг байнгын болон гамшгийн үеийн гэсэн хоёр ангиллаар бүрдүүлдэг. Өнөөдрийн байдлаар байнгын хэрэглээний буюу 10-14 хоногийн нөөц хангалттай байгаа. Харин гамшгийн үеийн нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хууль батлагдсанаар гамшгийн үеийн нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа.

2025 оны байдлаар нийт 46,723 удаагийн цус өгөлт бүртгэгдсэн бөгөөд үүний 80 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна. Улсын хэмжээнд өдөрт 180-250 нэгж, нийслэлд 150-200 нэгж цус цуглуулж байж хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

— Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаа олон жилийн турш хийгдэж ирсэн. Энэ төрлийн мэс засал хийлгэж, олон жил амьдарч буй хүмүүсийн зүгээс уг хуулийг дэмжиж өгөхийг хүссэн. Хууль батлагдсанаар мэс заслын тоо нэмэгдэх үү. Мөн Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах төв ямар зохион байгуулалттай ажиллаж, хаанаас санхүүжих вэ?

Ажлын хэсэг:

— Дэлхийн эрүүл мэндийн практикт 1963 оноос эхлэн амьгүй донороос эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаа хэрэгжиж эхэлсэн. Монгол Улс 2018 оноос амьгүй донороос эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс заслыг эрчимтэй хөгжүүлж байна.

Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмж олгож эхэлснээр шилжүүлэн суулгах үйл ажиллагаа нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа. Энэ тогтолцоо БНСУ болон БНТУ-д амжилттай хэрэгжсэн туршлагатай.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд баригдаж буй Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах төвийг холбогдох бодлогын байгууллага удирдан зохион байгуулах бөгөөд улсын төсвийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулах юм.

УИХ-ын гишүүн М.Ганхүлэг:

— Хууль хэрэгжүүлэхэд хэдий хэмжээний зардал гарах вэ. Мөн бодит үр дүн гарах боломжтой юу?

Ажлын хэсэг:

— 2018 оноос хойш нийт 75 удаагийн эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэн. Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмж олгож эхэлснээр энэ төрлийн мэс заслын тоо цаашид нэмэгдэх боломжтой.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор 2023 оноос амьгүй донорын оршуулгын тэтгэмж олгож эхэлсэн. Үүний хүрээнд 2023 онд нэг, 2024 онд дөрөв, 2026 онд нэг хүнд нийт 22 сая төгрөгийн тэтгэмж олгожээ. Мөн 2023 онд даатгуулагч бус нэг иргэнд оршуулгын тэтгэмж олгосон байна.

Цаашид жилд дунджаар 10 амьгүй донор бүртгэнэ гэж тооцож байгаа бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу жилд ойролцоогоор 70 сая төгрөгийн зардал гарахаар тооцоолжээ.

Related Stories