Авлигатай тэмцэх газар-ын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн байгууллагын нэр бүхий 36 улсын байцаагчид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тодруулбал, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын Гаалийн газар болон Замын-Үүд дэх Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд албан тушаал, бүрэн эрхээ урвуулан ашигласан байж болзошгүй хэрэгт холбогджээ.
Урьдчилсан байдлаар тэд Монгол Улсын хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийхдээ зарим аж ахуйн нэгжид давуу байдал олгож, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан, мөн хууль бусаар олсон орлогын эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж.
Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1 болон 22.4 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах зэрэг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй гэж үзэн мөрдөн шалгаж байна.
Одоогийн байдлаар 36 гаалийн улсын байцаагчийн албан үүргийг түдгэлзүүлж, хилийн хориг тавих, зарим этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.





