Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 13-15-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ.
Айлчлалын хүрээнд Монгол, Хятадын талууд хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд өмнө нь хүрсэн тохиролцоо, худалдаа, эдийн засаг болон хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцож, хэрэгжилтийн явцыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Ван И нь Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүний хувиар БНХАУ-ын гадаад бодлогыг хэрэгжүүлэгч гол албан тушаалтнуудын нэг бөгөөд түүний энэхүү айлчлал нь хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэхэд чиглэж буйгаараа онцлогтой юм.
Тэрбээр 2024 оны есдүгээр сард Эрээн-Замын-Үүд боомтоор Монгол Улсад ажиллах үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын асуудлаар санал солилцож байсан билээ.
Шинжээчдийн үзэж буйгаар энэ удаагийн айлчлалаар боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, худалдааны эргэлтийг өсгөх, дэд бүтэц, эрчим хүч болон уул уурхайн салбарын хамтын ажиллагааны асуудлууд голчлон хөндөгдөх төлөвтэй байна.





