Боловсролын зээлийн сантай холбоотой хэргээр 10.2 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сантай холбоотой хэрэгт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулсан байна.
Тодруулбал, төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд тус сангаас хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй гэх мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын хоёр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд хэрэг бүртгэлтийн нэг хэргийг хааж, нэг хэргийг нэгтгэн шалгасан байна. Мөн мөрдөн байцаалтын нэг хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлжээ.
Одоогийн байдлаар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн нэг хэрэг, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст найман хэрэг шалгагдаж байгаа аж. Түүнчлэн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн нэг хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Харин Боловсролын зээлийн сантай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.доллар буюу өнөөгийн ханшаар 10.2 тэрбум төгрөгийн гадаад зээлийн эргэн төлөлт хийгдсэн талаар албаныхан мэдээллээ.





