Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч хатагтай Биате Дастелтэй уулзаж, хүүхдэд ээлтэй, аюулгүй, хүртээмжтэй хотыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр талууд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй орчин, боловсрол, нийгмийн хамгаалалтай холбоотой тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэж, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хот байгуулах зорилтыг нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэл болгож байна. Агаарын бохирдол, хөрс, усны бохирдол зэрэг хотын тулгамдсан асуудлууд хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа тул энэ чиглэлд НҮБ-ын Хүүхдийн сантай үр дүнтэй хамтран ажиллаж байна” хэмээн онцоллоо.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, үер усны эрсдэл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх боломжийн талаар санал солилцсон байна.





