Өнөөдрийн зурхай
Ubfocus

Цагаан үс хорт хавдраас хамгаалах биологийн дохио байж болзошгүйг судалгаа харуулжээ

Sarantsetseg
Author
April 27, 2026
2 min read
621 views
Цагаан үс хорт хавдраас хамгаалах биологийн дохио байж болзошгүйг судалгаа харуулжээ

Үс цайрах нь зөвхөн хөгшрөлтийн энгийн шинж биш, харин бие организм хорт хавдрын эрсдэлээс өөрийгөө хамгаалах биологийн хариу урвалын нэг илрэл байж болзошгүйг шинэ судалгаа харуулжээ.

American Academy of Dermatology-ийн мэдээлснээр үс цайрах нь ихэвчлэн 30-40 наснаас ажиглагддаг хөгшрөлтийн хэвийн үзэгдэл бөгөөд үүнд санаа зовох шалтгаангүй гэж үздэг.

Харин өнгөрсөн оны аравдугаар сард Nature Cell Biology сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаа үс цайрах үзэгдлийг өөр өнцгөөс тайлбарласан байна. The University of Tokyo-ийн хөгшрөлт, арьс судлал, нөхөн сэргээх анагаах ухааны судлаачдын багийн үзэж буйгаар цагаан үс нь арьсны хорт хавдрын хамгийн аюултай хэлбэрүүдийн нэг болох Melanoma-аас хамгаалах эсийн механизмтай холбоотой байж болзошгүй аж.

Судлаачид хулганад хийсэн туршилтаар үсний өнгийг тодорхойлдог меланоцит үүдэл эсүүд ДНХ-ийн ноцтой гэмтэлд өртөх үед өөрчлөгдөн хамгаалах урвал идэвхжүүлж, улмаар үсний өнгө алдагдаж цайрах процесс явагддаг болохыг тогтоожээ.

Энэ үед эсүүд хяналтгүй үржиж хавдар үүсгэхийн оронд өөрийгөө устгах буюу “сено-ялгарал” хэмээх хамгаалах механизмаар системээс гардаг байна. Судлаачдын үзэж буйгаар энэ процесс нь хавдар үүсэх эрсдэлийг бууруулах боломжтой аж.

Судалгааны зохиогчдын нэг эрдэмтэн Эми К.Нишимурагийн тайлбарласнаар үсний уутанцарт байрлах эдгээр эсүүд генийн стрессийн үед хоёр сонголттой тулгардаг байна. Нэг нь өөрчлөгдөн үйл ажиллагаанаас гарах буюу үс цайрах, нөгөө нь үргэлжлэн хуваагдаж хавдрын эрсдэл үүсгэх.

Гэхдээ судлаачид “цагаан үс өөрөө хорт хавдраас хамгаалдаг” гэсэн утгаар ойлгож болохгүйг онцолжээ. Харин энэ нь биеийн эсүүд аюултай өөрчлөлтөөс өмнө өөрийгөө хамгаалах хариу үйлдэл үзүүлж байж болзошгүйг илтгэж буй шинж тэмдэг байж болох аж.

Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү судалгаа хөгшрөлт, эсийн хамгаалах механизм болон хорт хавдрын эрсдэлийн хоорондын холбоог шинэ өнцгөөс ойлгох боломж нээж байгаагаараа онцлог юм.

Related Stories

Цагаан үс хорт хавдраас хамгаалах биологийн дохио байж болзошгүйг судалгаа харуулжээ | Ubfocus