Цахим орчныг ашиглан Pokerrr 2 аппликейшнд клуб үүсгэж, мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан гурван бүлэгт хамаарах 17 этгээдийг Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байх үед нь цагдаагийн алба хаагчид илрүүлэн таслан зогсоож, баривчилжээ. Мөн нэг бүлэгт харьяалагдах зургаан этгээдийг Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байхад нь баривчилсан байна.
Шалгалтын явцад гэмт хэрэгт ашиглагдаж байсан гар утас, суурин болон зөөврийн компьютер, тээврийн хэрэгсэл зэрэг нийт 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг хураан авч, битүүмжилжээ. Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг “Э” гэх этгээдийг илрүүлэн үйл ажиллагааг нь зогсоож, уг хэрэгт холбогдох найман хүнийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мөрдөн шалгалтаар “Э” нь 2022 оноос эхлэн Pokerrr 2 аппликейшнд клуб үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж, сервер байршуулан бусдыг ажиллуулж, зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогджээ. Мөн энэхүү хууль бус үйл ажиллагаанаас олсон орлогоор худалдан авсан байж болзошгүй ойролцоогоор 4 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг мөн битүүмжилсэн байна.





