УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолыг эцэслэн баталлаа.
Тус төлөвлөгөө нь Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд эдийн засаг, эрх зүй, ногоон хөгжил, авлигын эсрэг гэсэн дөрвөн чиглэлд төвлөрсөн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Эдийн засгийн чөлөөлөлт
Засгийн газар 2027 он хүртэл Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тос боловсруулах үйлдвэр, Зөөвч-Овоогийн ураны төсөл зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлж, 20 мянга гаруй шинэ ажлын байр бий болгохоор төлөвлөсөн байна. Мөн төмөр зам, авто замын экспортын коридоруудыг өргөтгөх аж.
Түүнчлэн татварын шинэчлэл хийж, хувь хүний орлогын албан татварын буцаалт, орон сууц худалдан авагчдад олгох татварын хөнгөлөлтийг нэмэгдүүлэхээр тусгажээ.
Эрх зүйн чөлөөлөлт
Төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, зөвшөөрөл болон шат дамжлагыг цөөлөхөөр төлөвлөсөн байна. Мөн төрийн байгууллагын бүтцийг цомхон болгож, хиймэл оюун ухаанд суурилсан хяналт, шийдвэр гаргалтыг нэвтрүүлэх аж.
Боловсролын салбарт “Цөөн хүүхэдтэй анги” бодлого хэрэгжүүлж, “Нэг багш – нэг AI туслах” системийг нэвтрүүлэхээр тусгажээ. Эрүүл мэндийн салбарт Зүрх судасны үндэсний төв, Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төв зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр болсон байна.
Ногоон хөгжлийн чөлөөлөлт
Монгол Улс эрчим хүч импортлогч бус үйлдвэрлэгч орон болох зорилт дэвшүүлж, сэргээгдэх эрчим хүч, нарны хавтан, ногоон дата төвийн төслүүдийг эхлүүлэхээр төлөвлөжээ. Мөн “Тэрбум мод” хөдөлгөөн, усны томоохон төслүүдийг үргэлжлүүлэхээр болсон байна.
Авлигын эсрэг чөлөөлөлт
Төрийн худалдан авалт болон шийдвэр гаргалтад хиймэл оюун ухаан ашиглаж, төрийн өмчит компаниудын ил тод байдлыг сайжруулах, шүгэл үлээгчийн хамгаалалтыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Засгийн газрын үзэж буйгаар энэхүү төлөвлөгөө нь ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг хамгаалах, хүнд суртлыг бууруулах, эрчим хүчний хараат байдлыг багасгах, авлигатай тэмцэхэд чиглэсэн хүний хөгжил төвтэй бодлого болох юм.





