Засгийн газрын ээлжит хуралдаан болж, шатахууны үнийн өсөлттэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна.
Хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улс өмнө тохиолдож байгаагүй хүндрэлтэй сорилтуудтай нүүр тулж байгааг онцоллоо. Тэрбээр “Нөхцөл байдал хэр зэрэг хүндрэхийг урьдчилан таамаглах боломжгүй байна” хэмээн мэдэгдэв.
Түүний хэлснээр, дизель түлшний үнэ огцом өссөн бөгөөд өнгөрсөн сард тонн тутмыг 1400 ам.доллараар худалдан авсан нь өмнөх сарынхаас хоёр дахин өндөр үзүүлэлт болсон байна. Харин ирэх тавдугаар сард уг үнэ 1700 ам.долларт хүрэх төлөвтэй байгаа аж.
Үүний улмаас дотоодын зах зээлд дизель түлшний жижиглэнгийн үнэ нэг литр нь 3200 төгрөгөөс 4400 төгрөг болж, 1200 төгрөгөөр нэмэгджээ. Цаашид тавдугаар сард 6400 төгрөгт хүрэх эрсдэл үүссэнийг Ерөнхий сайд анхаарууллаа.
Нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газраас гаалийн татварыг тэглэх зэрэг яаралтай арга хэмжээг авч эхэлсэн байна. Мөн ОХУ-тай шатахууны нийлүүлэлтийн асуудлаар яриа хэлэлцээ хийхээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямыг томилж, хэлэлцээ эхлүүлжээ.
Түүнчлэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, махны үнэ өсөж буй энэ үед шатахууны үнэ дахин нэмэгдвэл иргэдийн амьжиргаанд дарамт үүсгэж, эдийн засгийн хүндрэл даамжрах эрсдэлтэй байгааг шинжээчид анхааруулж байна.





