Монгол Улсад хийгдэж буй эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны 97 хувь нь амьд донороос, ердөө гуравхан хувь нь амьгүй донороос хийгдэж байгааг албаныхан мэдээллээ.
Эрүүл мэндийн салбарынхан амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг нэмэгдүүлэхийн тулд иргэдийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байгааг онцолж байна.
Энэ талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зохицуулах албаны дарга Б.Алтантулга “Хууль батлагдсанаас хойш хамгийн багадаа хоёр жилийн дараа үр дүн нь бодитоор гарч эхэлнэ гэж харж байгаа. Гэсэн ч бид хуулийг аль болох үр дүнтэй хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хууль батлагдсанаас хойш нэг амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах ажил хийгдсэн” хэмээн тайлбарлалаа.
Түүний хэлснээр амьгүй донорын тогтолцоог хөгжүүлэхэд зөвхөн хууль эрх зүйн орчин бус иргэдийн мэдлэг, ойлголт, хандлага хамгийн чухал нөлөөтэй аж.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар амьгүй донорын тогтолцоо хөгжсөнөөр эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай олон хүний амь насыг аврах боломж нэмэгдэх юм.





