Эмийн санч жороор бичигдсэн хүүхдийн тунтай эмийн оронд том хүний тунтай эм андуурч олгосны улмаас нярай хүүхэд хүнд хэлбэрийн эмийн хордлогод орж, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирсан хэрэг гарчээ.
Тодруулбал, эмийн санч Ё нь эмчийн жороор бичсэн 5 мг тунтай хүүхдийн эмийг олгох ёстой байсан ч хайхрамжгүй хандаж, 100 мг тунтай эмийг нярайн асран хамгаалагчид өгсөн байна. Улмаар уг эмийг хэрэглэсний дараа хүүхдэд таталт өгч, амь насанд аюултай тархины цусан хангамжийн хүнд хэлбэрийн алдагдал болон тархины эмгэгшил үүссэн гэж шинжээчид дүгнэжээ.
Хүүхдийн асран хамгаалагчийн мэдүүлснээр, эм уулгасны дараахан нярай амьсгал нь доголдож, таталт өгсөн тул яаралтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмч нар үзлэг хийсний дараа хүүхэд буруу тунтай эм хэрэглэснээс үүдэлтэй эмийн хордлогод орсныг тогтоожээ.
Харин эмийн санч Ё мөрдөн шалгах ажиллагааны үеэр “5 мг болон 100 мг тунтай эмүүд зэрэгцээ байрладаг байсан. Би жорын дагуу эм олгохдоо андуурч 100 мг савлагаатайг авч өгсөн бөгөөд тухайн үедээ алдаагаа мэдээгүй” хэмээн мэдүүлсэн байна.
Улмаар түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгажээ.
Мөн Иргэний хуулийн дагуу ажилтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг ажил олгогч хүлээдэг тул эмийн санчийн ажиллаж байсан компанийг иргэний хариуцагчаар татан оролцуулсан байна. Гэвч хохирогчид учирсан хохирлыг тухайн компани бүрэн барагдуулсан тул нэмэлт төлбөр гаргуулах үндэслэлгүй гэж шүүх үзжээ.





