Өнөөдрийн зурхай
Ubfocus

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ц.Цогтыг энэ долоо хоногт багтаан Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилно

Sarantsetseg
Author
June 15, 2026
1 min read
133 views
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ц.Цогтыг энэ долоо хоногт багтаан Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилно

Ц.Цогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдохоор болж, түүний нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд байна.

Учир нь одоогийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дууссан бөгөөд түүний оронд шинэ Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн энэ сарын 3-нд хэлэлцжээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуульд зааснаар тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид өөрсдийн дундаас сонгодог. Энэ удаагийн сонгуульд Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгч Ч.Хосбаяр болон Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт нар нэр дэвшсэн байна.

Санал хураалтын дүнгээр Ц.Цогт шүүгчдийн олонхын дэмжлэгийг авч, түүнийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Уг саналыг зургаадугаар сарын 4-нд Ерөнхийлөгчид албан ёсоор хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дагуу Ерөнхийлөгч саналыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаагаар томилох үүрэгтэй байдаг.

Иймээс Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ сарын 18-ны дотор Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилох шийдвэр гаргах хуулийн хугацаатай байна.

Одоогоор Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг шүүгч Ч.Хосбаяр түр орлон гүйцэтгэж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн шийдвэр ойрын өдрүүдэд гарах хүлээлттэй байна.

Related Stories