Э.Батшугар Халдварт өвчин судлалын үндэсний төв-д ажиллаж, тус төвийн үйл ажиллагаатай танилцан халдварт өвчний тандалт, оношилгоо, урьдчилан сэргийлэлт болон дархлаажуулалтын тогтолцоотой холбоотой зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Ажлын үеэр С.Энхболд тус төвийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, санал солилцсон байна.
Сайд Э.Батшугар улсын хэмжээнд халдварт өвчний тандалт, судалгаа, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг тус байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэр дэд бүтэцтэй холбоотой зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ. Тухайлбал, Халдварт өвчин судлалын үндэсний төв-ийн цэвэрлэх байгууламжийн засварын асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн байна.
Мөн тэрбээр Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулах-ын үйл ажиллагаатай танилцаж, вакцины хадгалалт, нөөцийн нөхцөл байдал болон нийлүүлэлтийн тогтолцоог шалгаж, цаашдын арга хэмжээний талаар холбогдох мэргэжилтнүүдтэй санал солилцжээ.
Тус төв нь +2–+8°C, -15–-25°C, -70–-80°C гэсэн гурван өөр температурын горимд вакцин хадгалах орчин үеийн технологитой, стратегийн ач холбогдол бүхий байгууламж бөгөөд улсын хэмжээнд дархлаажуулалтын 610 гаруй нэгжийг вакцин, дагалдах хэрэгслээр тасралтгүй хангаж ажилладаг байна.
Эрүүл мэндийн сайд энэ үеэр иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, дархлаажуулалтын тогтолцооны найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийлжээ.





