Өнөөдрийн зурхай
Ubfocus

Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно

Sarantsetseg
Author
June 11, 2026
2 min read
198 views
Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзан, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжил болон гэр хорооллын айл өрхийн амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтаар гэр хорооллын өрхүүдийн цахилгаан, дулааны хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр хангах, орон сууцны болон гэр хорооллын дулаалгын төслүүдийг хэрэгжүүлэх, төрийн албан дахь жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсад 1976 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд тогтвортой хөгжил, ногоон шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж иржээ. Энэ жил талуудын хамтын ажиллагааны 50 жилийн ой тохиож байгаа юм.

Уулзалтын үеэр хотын дарга Б.Пүрэвдагва “Улаанбаатар хот ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах төсөл, хөтөлбөрүүдийг тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй ‘Гэр хорооллын сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг сайжруулах төсөл’-ийн хүрээнд гэр хорооллын 800 орчим өрхийг сэргээгдэх эрчим хүчний системд холбож, нийт 2.5 мегаваттын хүчин чадалтай нарны бичил сүлжээ болон цахилгаан халаалтын системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Харин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжил болон иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийг цаашид өргөжүүлэн хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Related Stories

Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно | Ubfocus