Дэлхий дахин болон Монгол Улстай хил залгаа бүс нутгуудад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний шинэ “SAT-1” хэвшил хурдацтай тархаж байгааг албаныхан анхаарууллаа.
Албан ёсны мэдээллээр энэхүү аюулт хэвшил БНХАУ-ын Шинжаан бүс нутаг, Ойрхи Дорнод, Турк зэрэг улсуудад бүртгэгдээд байгаа бөгөөд Монгол Улсад анх удаа Баян-Өлгий аймгийн Алтай сум, Ховд аймгийн Булган суманд оношлогдсон байна.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр шүлхий өвчний “SAT-1” хэвшил нь агаар дусал, хүн, тээврийн хэрэгсэл, машин техник болон зэрлэг амьтдаар дамжин маш хурдан халдварладаг, хоруу чанар өндөртэй вирус ажээ.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан халдвар бүртгэгдсэн сумдын нутаг дэвсгэрт орох, гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан байна. Иймд иргэдийг Онцгой байдлын байгууллага, Цагдаа болон Мал эмнэлгийн хамтарсан хяналтын постын шаардлагыг чанд мөрдөхийг уриалжээ.
Мөн зуны аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан аялагчид болон жолооч нарыг халдварын эрсдэлтэй бүс нутгаар дайран өнгөрөхгүй байх, аяллын маршрутаа өөрчлөх, хориглосон чиглэлд зорчихгүй байхыг зөвлөсөн байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Мал эмнэлгийн ерөнхий газраас малчид, иргэдийг сонор сэрэмжтэй байж, малын шилжилт хөдөлгөөнд онцгой анхаарахыг анхаарууллаа.






