Хүүхдүүдэд хичээл зааж, давтлага өгч ажиллах нэрийдлээр удаа дараа хүч хэрэглэн, зүй бусаар доромжилж байсан иргэнийг шүүхээс “хүүхэдтэй хэрцгий харьцсан” гэм буруутайд тооцжээ.
Тодруулбал, иргэн М.Д нь 10, 11 настай хүүхдүүдэд таван сарын хугацаанд хичээл заахдаа гуяыг нь чимхэх, нүүр рүү нь алгадах, дагз руу нь цохих, чихнээс нь хүчтэй зулгаах зэрэг хүчирхийллийн шинжтэй үйлдэл удаа дараа гаргаж байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байна.
Мөн тэрбээр хүүхдүүдийг “нохойн гөлөг”, “новш” гэх мэтээр доромжилдог байсан нь нотлох баримтаар тогтоогджээ.
Насанд хүрээгүй хохирогчийн нэг нь “Миний хацар руу 10 удаа алгадсан. Би уйлаад өмдөндөө бие зассан. Аав, ээжийг байхгүй үед зоддог байсан” хэмээн мэдүүлсэн байна.
Харин хүүхдүүдийн асран хамгаалагч “Хичээл заалгах төлбөр болох дөрвөн сая төгрөгийг өөрийнх нь дансанд шилжүүлсэн. Төлбөрийн маргаан байгаагүй. Одоо манай хүүхдүүд айдастай, сэтгэл санааны хувьд хүнд байдалтай байна” гэжээ.
Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр нэг хүүхдийн сэтгэцэд учирсан хор уршиг хоёрдугаар зэрэглэлд, нөгөө хүүхдийнх нэгдүгээр зэрэглэлд хамаарч, хоёуланд нь гэмтлийн дараах стрессийн шинж тэмдэг илэрсэн болохыг тогтоосон байна.
Иймд шүүхээс М.Д-г Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлд заасан “хүүхэдтэй хэрцгий харьцах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 мянган төгрөгөөр торгох ял оноожээ.
Мөн насанд хүрээгүй хохирогчдын сэтгэцэд учирсан хохиролд нийт 7 сая 128 мянган төгрөгийг гаргуулан, хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлд насанд хүрсэн хүн хүүхдийг удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал учруулсан тохиолдолд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх





