Өнөөдрийн зурхай
Ubfocus

Хүүхэд хамгаалал гэдэг бол зөвхөн хүүхдийн эрх биш

Sarantsetseg
Author
May 29, 2026
2 min read
279 views
Хүүхэд хамгаалал гэдэг бол зөвхөн хүүхдийн эрх биш

Манай нийгэмд хүүхэд биш, хүүхэд төрүүлж өсгөсөн томчууд нь гол дүр болчихсон явна. Эрүүл нийгэмд бол эсрэгээрээ хүүхдийн эрх, аюулгүй байдал, сайн сайхан байдал хамгийн түрүүнд тавигддаг. Хүүхдийг хамгаалах тухай хууль ч энэ зарчмыг баримталдаг.

“Одон хэнд гай болов” гэх л байх...

Хүүхдийн нэрээр томчууд өөрсдөө гол дүрд тоглож, алдар нэр, үнэлэмжийн төлөө өрсөлддөг хандлага газар авсаар байна. Томчуудын энэ хэтрүүлсэн шүтээнчлэл, өөрсдийгөө төвд тавьсан сэтгэлгээ өөрчлөгдөхгүй бол хүүхэд хамгааллын тухай яриа цаасан дээрээ л үлдэнэ. Үнэнийг хүлээн зөвшөөрөх хүртлээ бид үр хүүхдүүдээрээ төлөөс төлүүлсээр л байна. Эсвэл хүүхдийг үнэхээр нэгдүгээрт тавьдаг нийгэм рүү шилжих үү гэдэг сонголтын өмнө ирснийг сүүлийн харамсалтай жишээ улам сануулсаар л байна. Хүүхэд хамгаалагддаггүй нийгэмд ирээдүй хамгаалагддаггүй...

Яг үүнийг бичиж байтал бас нэгэн хүүхэд шороонд дарагдаж нас барсан мэдээ чих дэлсэв.

Хүүхэд хамгаалал гэдэг дан ганц хүүхдийн эрх биш гэдгийг манай эрх баригчид ойлгох цаг ирэх болов уу? Эрүүл аюулгүй орчин, хүмүүжил, анхаарал халамж, эрүүл мэнд, бүр сэтгэцийн асуудалд нь ч анхаарах ёстой гээд маш олон чухал зүйл бий. Хүүхдийн эрх ярьсаар байгаад хүүхдүүд буруу хүмүүжиж байна гэж ярих нь их. Гол асуудал бидний бүтээж яваа нийгэмд тэд өсөж торниж явна.

Хүүхдийн хүмүүжил болохгүй байна, одоогийн хүүхдүүд айхтар болж гэх үгийг бүгд л хэлж халаглах мөртлөө томчууд өөрлүүгээ өнгийж, ямар нийгэм бүтээж байна гэж бодох цаг ирсэн.

Өнөөдөр Улаанбаатар хотод энд тэндгүй тогны утас, сэндийчсэн зам, хүүхэд тухтай тоглочих тоглоомын талбай хомс. Нөгөө тоглоомын талбай нь хаачив гээд өнгөрсөн рүү эргээд харахад бүгд л байшин барилга болон сүндэрлэж алаг эрээн бичигтэй үйлчилгээний газрууд болон хувирсан. Энд хэн буруутай вэ? Магадгүй өөд уруугүй идэж уудаг улстөрчдийг ярих байх л даа.

Энэ нийгмийг ганц сувдаг улс төрчид, авлигачид ийм болгоогүй. Тэднийг хараад дуугүй суусан, бурууг зөнд нь хаясан томчууд бүгд буруутай.

Бид халаглаад дуусдаг нийгмийг биш хамгаалаад явж чаддаг том хүн шиг хүн байх ёстой.

2026.06.01

Т.Саранцэцэг

Related Stories

Хүүхэд хамгаалал гэдэг бол зөвхөн хүүхдийн эрх биш | Ubfocus