Гарал үүсэл нь тодорхойгүй хуурамч архи, согтууруулах ундааг гар дээрээс болон цахим орчноор дамжуулан худалдаалах зөрчил нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, хуурамч архинд ихэвчлэн метанол болон бусад химийн бодис агуулагддаг байна. Метанол буюу метилийн спирт нь үнэр, өнгө, амтаараа энгийн архитай төстэй боловч будаг шингэлэгч, уусгагч, антифриз, формальдегид үйлдвэрлэхэд ашиглагддаг химийн бодис аж.
Түүнчлэн метанол хүний биед задрахдаа харааны мэдрэлийг гэмтээж, сохролт үүсгэхээс гадна төв мэдрэлийн системийг хордуулж, амь насанд хүрэх аюултайг эмч, мэргэжилтнүүд сануулж байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, 2025 онд гарал үүсэл нь тодорхойгүй 10.5 тонн буюу 8000 гаруй шил архи, вискиг хураан авч устгалд оруулжээ.
Мөн тухайн онд согтууруулах ундааг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 96 зөрчил бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна өнгөрсөн онд Нийслэлийн түргэн тусламжийн төвд архинд хордсон гэх 15,800 гаруй дуудлага бүртгэгдсэн талаар мэдээллээ.
Иргэд согтууруулах ундаа худалдан авахдаа “e-Barimt” аппликэйшн ашиглан бүтээгдэхүүний акц дээр байрлах QR кодыг уншуулж, гарал үүслийг нь шалгах боломжтой болсон байна.
Иймд цахим орчинд хямд үнээр худалдаалж буй гарал үүсэл тодорхойгүй архи, согтууруулах ундаа худалдан авахгүй байх, өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.





