Өнөөдрийн зурхай
Ubfocus

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган долдугаар сарын 9-нд болно

Sarantsetseg
Author
June 16, 2026
2 min read
90 views
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган долдугаар сарын 9-нд болно

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан Улсын Их Хурал долдугаар сарын 9-ний өдөр хүндэтгэлийн чуулган хуралдуулахаар болжээ.

Хүндэтгэлийн чуулган нь хууль тогтоомж, тогтоолын төсөл хэлэлцдэггүй бөгөөд төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагддаг онцлогтой. Уламжлал ёсоор энэхүү чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд болон Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд оролцдог байна.

УИХ-ын тухай хуулийн 21 дүгээр зүйлд хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах үндэслэл, журмыг тодорхой тусгасан байдаг. Тухайлбал, Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай холбоотой түүхэн ой, тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулж болохоор хуульчилжээ.

Мөн гадаад улсын төр, засгийн тэргүүн болон өндөр дээд хэмжээний зочин Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд үг хэлэх тохиолдолд хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах боломжтой байдаг.

Хуулийн дагуу хүндэтгэлийн хуралдаан хуралдуулах тухай захирамжийг Улсын Их Хурлын дарга гаргадаг бөгөөд энэ удаагийн чуулган нь Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тэмдэглэх төрийн хэмжээний гол арга хэмжээнүүдийн нэг болох юм.

1206 онд Их Монгол Улс байгуулагдсанаар Монголын эзэнт гүрний түүх эхэлж, дэлхийн түүхэнд гүн ул мөр үлдээсэн төрт ёсны уламжлал бүрэлдэн тогтсон гэж түүхчид үздэг. Тиймээс 820 жилийн ой нь Монголын төрт ёс, үндэсний эв нэгдэл, түүхэн өв соёлоо дээдлэн хүндэтгэх ач холбогдолтой ойд тооцогдож байна.

Related Stories

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган долдугаар сарын 9-нд болно | Ubfocus