Монгол Улсаас Австрали руу зорчих иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, 2025 оны эцсийн байдлаар 27 мянгад хүрсэн талаар Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн олонх нь бизнес эрхлэх, барилга бүтээн байгуулалт, зам тээврийн салбарт ажиллахын зэрэгцээ суралцаж, мэргэжил дээшлүүлж байгаа аж.
Гэвч сүүлийн үед оршин суугаа улсынхаа хууль, эрх зүйн орчныг хангалттай мэдэхгүйгээс шалтгаалан гэмт хэрэг, зөрчилд холбогдох, хохирогч болох тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг Элчин сайдын яам анхааруулжээ.
Тухайлбал, хилээр нэвтрэхдээ хориглосон болон хязгаарласан эд зүйлсийг нууцаар авч явах, мансууруулах төрлийн бодисын хэрэглээнд автах, мөрийтэй тоглоомд донтох, өсвөр насны хүүхэд, залуус олон нийтийн газар зохисгүй үйлдэл гаргах, мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлууд бүртгэгдэж байгаа талаар дурдсан байна.
Иймд Австрали улсад оршин суугаа болон зорчих иргэдийг тухайн улсын хууль тогтоомжийг чанд мөрдөж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэтгэл санаа, эрүүл мэнд, санхүүгийн эрсдэлд өртөхөөс өөрийгөө болон гэр бүл, ойр дотнын хүмүүсээ хамгаалж, хариуцлагатай байхыг уриаллаа.
Эх сурвалж: Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам





