Монголын Байгалийн Гэрэл Зурагчдын Нийгэмлэг-ээс “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2026” олон улсын уралдааныг тав дахь жилдээ зохион байгуулахаар зарлалаа.
2020 онд байгуулагдсан тус нийгэмлэг нь Монголын байгалийн гэрэл зургийг хөгжүүлэх, уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх, мөн гэрэл зургаар дамжуулан байгаль, соёл, өв уламжлалыг олон нийтэд сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ удаагийн уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам-тай хамтран, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах юм.
Тус уралдаан нь Монгол орны байгалийн үзэсгэлэн, өв соёл, ахуй амьдралыг дэлхийд таниулах, гадаадын гэрэл зурагчдыг татах, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцолж байна.
Оролцогчид 2025–2026 онд Монгол Улсад авсан гэрэл зургуудаараа “байгаль”, “зэрлэг амьтан”, “ахуй соёл” зэрэг төрөлд оролцох боломжтой бөгөөд бүтээлийг 2026 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэл хүлээн авах аж.
Уралдааны нийт шагналын сан 50 сая төгрөг бөгөөд бүтээлийг photoawards.mn сайтаар дамжуулан илгээх боломжтой. Олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр шалгаруулах тус уралдааны шилдгүүд 2026 оны 11 дүгээр сард тодорч, шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн болон каталоги гаргах юм.
Зохион байгуулагчдын зүгээс энэхүү уралдааныг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж, Монголын байгалийн гэрэл зургийн олон улсын нэр хүндийг нэмэгдүүлэхээр зорьж байгаагаа илэрхийллээ.





