Өнөөдрийн зурхай
Ubfocus

Монголын элэг, нойр булчирхайн мэс засал дэлхийн түвшинд хүрч байна

Sarantsetseg
Author
June 4, 2026
1 min read
115 views
Монголын элэг, нойр булчирхайн мэс засал дэлхийн түвшинд хүрч байна

Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах V чуулган “ICOT V–2026”-ын хүрээнд өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвд төгсөлтийн дараах сургалт зохион байгуулагдаж байна.

Тус сургалтад элэг, цөс, нойр булчирхайн чиглэлээр мэргэшиж буй 60 гаруй залуу эмч, мэргэжилтэн хамрагдаж байгаа бөгөөд онол, практик хосолсон хэлбэрээр явагдаж буйгаараа онцлог юм.

Оролцогчид элэг тайрах, нойр булчирхай тайрах болон роботын тусламжтай элэгний мэс заслыг бодит орчинд ажиглаж, олон улсын туршлагаас суралцан ур чадвараа ахиулж байна. Ийм төрлийн сургалт нь залуу эмч нарын мэргэжлийн ур чадвар, шийдвэр гаргах чадамжийг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой гэж салбарынхан онцолж байна.

Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг жил бүр 800-900 орчим мэс засал хийдэг бөгөөд өнөөдөр роботын тусламжтай долоо дахь мэс заслаа амжилттай гүйцэтгэжээ.

Энэ нь Монгол Улсын элэг, цөс, нойр булчирхайн мэс засал дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн хөгжиж буйн нэг илрэл болж байна.

“ICOT V–2026” олон улсын чуулган зургаадугаар сарын 5-6-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд дэлхийн шилдэг туршлага, шинэ технологи, мэдлэгийг эх орондоо нутагшуулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

Related Stories