Өнгөрсөн 2025 оны зургаадугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Жаргалантын аманд бэлчээрлэж байсан Монгол Үндэсний морьт харвааны 18 хурдан морийг хулгайлж, бойд өгч төхөөрсөн ноцтой хэрэг гарсан.
Уг хэрэгт холбогдуулан Э.Э нарын зургаан хүнийг морь хулгайлж, мах нядлах газарт худалдан борлуулсан, улмаар мөнгө угаасан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 (олон тооны мал бүлэглэн хулгайлах), мөн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мөнгө угаах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байсан юм.
Харин Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллагдагч Э, Б, Г, Б, П нарыг олон тооны малыг бүлэглэн хулгайлсан, яллагдагч У-г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлогыг хууль бус гэдгийг мэдсээр байж авч, эзэмшиж, ашигласан, мөн түүний эх үүсвэрийг нуун далдалсан буюу мөнгө угаасан хэрэгт тус тус буруутган яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Гэвч яллагдагч нарын өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх уг хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр авч үзээд мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй гэж үзжээ. Тодруулбал, хулгайд алдсан адуунд хийсэн үнэлгээ эргэлзээтэй, яллах дүгнэлтэд яллагдагч нарын оролцоо тодорхой тусгагдаагүй, мөн хохирогчоос ирүүлсэн бичлэг бүхий сиди дутуу, хэрэгтэй хамт шүүхэд ирээгүй зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих нөхцөлүүдийг бүрэн тогтоогоогүй гэж дүгнэсэн байна.
Иймд өмгөөлөгчдийн мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлтийг хүлээн авч, дээрх зөрчлүүдийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн яллагдагч Э, Б, Г, Б, П, У нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.





