Нэгдүгээр хорооллын арын авто замыг өргөтгөх ажил 2025 онд эхэлсэн. Одоогийн байдлаар тус замын зарим хэсэгт суурилуулж буй өндөр хашлага нь муруй, тахир харагдаж байгааг иргэд шүүмжилж байна.
Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газар-аас дараах тайлбарыг өгчээ.
Тус авто зам нь Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл бөгөөд зураг төслийг “Финниш оверсийс консалтинг” ХХК 2024 онд боловсруулж, холбогдох байгууллагуудтай зөвшилцөн магадлалаар батлуулсан байна.
Зураг төсөлд тухайн байршлын явган хүний гарцын хэсэгт зорчигчийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, замыг нэг дор бус үе шаттайгаар хөндлөн гарах боломж бүрдүүлэх, мөн тээврийн хэрэгслийн хурдыг зохистой түвшинд сааруулах, жолоочийн хараа болон хөдөлгөөний чиглэлийн ойлгомжийг сайжруулах зорилгоор дунд тусгаарлах арал бүхий зохион байгуулалтын шийдлийг тусгасан.
Иргэдийн “мурийсан” хэмээн ойлгож буй замын ирмэгийн хэлбэр нь хөдөлгөөнийг чиглүүлэх, хурдыг бууруулах геометр төлөвлөлтийн элемент аж. Энэхүү шийдэл нь тээврийн хэрэгсэл гарцын орчимд хэт шулуун, өндөр хурдтай нэвтрэхээс сэргийлж, жолоочийг анхааралтай байж, хурдаа сааруулах нөхцөлийг бүрдүүлдэг.
Мөн дунд тусгаарлах арал нь явган зорчигчдод замыг хоёр үе шаттайгаар аюулгүй хөндлөн гарах боломж олгож, зорчих хэсэг дээр байх хугацааг багасгах, эсрэг чиглэлийн урсгалыг тус тусад нь хянах, хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх чухал үүрэгтэй.
Одоогоор уг хэсгийн аюулгүйн арал, тэмдэг, тэмдэглэгээ бүрэн хийгдээгүй бөгөөд барилгын ажлын дараагийн үе шатанд гүйцэтгэгдэх юм. Ажил бүрэн дууссаны дараа тухайн хэсгийн зохион байгуулалт илүү ойлгомжтой болохыг албаныхан онцоллоо.
Нийслэлийн Замын Хөгжлийн Газар нь захиалагчийн хяналтын чиг үүргийн хүрээнд барилгын ажлыг батлагдсан зураг төсөл, техникийн шаардлагын дагуу хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавин ажиллаж байна.





