Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд хандан улсын ахлах байцаагчийн зөвлөмж хүргүүлжээ.
Тус зөвлөмжид хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах, хоол хүнснээс үүдэлтэй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг хууль, стандартын шаардлагыг чанд мөрдөхийг уриалсан байна.
Тодруулбал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр зөөвөрлөх, хадгалалтын горимыг мөрдөх, шошго болон сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж худалдаалахыг анхааруулжээ. Мөн хугацаа нь дууссан, чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг худалдаалахгүй байхыг сануулсан байна.
Хүүхдийн баярын бэлгийн багцад олон төрлийн чихэр, сахар ихтэй бүтээгдэхүүн хэтрүүлэхгүй байх, хиймэл өнгө, амт оруулагч ихтэй хүнсний хэрэглээг багасгахыг зөвлөжээ. Харин сүү, тараг, аарц, бүхэл үр болон жимсний агууламжтай шим тэжээллэг бүтээгдэхүүний хэрэглээг дэмжихийг онцолсон байна.
Түүнчлэн хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүнийг нэг дор савлахгүй байх, сав баглаа боодол нь хүүхдэд аюулгүй, стандартын шаардлага хангасан байх ёстойг дурджээ.
Мөн худалдаа, үйлчилгээний байгууллагууд ажлын байрны ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, ажилтнуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулсан байх шаардлагатайг зөвлөмжид тусгасан байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дээрх шаардлагуудыг мөрдөж, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй хэрэглээг төлөвшүүлэхэд хамтран ажиллахыг уриаллаа.







