Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлыг хэлэлцэх ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Сонсголын үеэр Авлигатай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал нийслэлд хэрэгжиж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хийж буй шалгалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, прокурорын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэх зөвшөөрөл олгоогүй тул нэр ус дурдахгүйгээр мэдээлэл өгч байгааг онцлов.
Улсын ерөнхий прокурорын тушаалаар 2026 оны тавдугаар сарын 19-ний өдөр гурван байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн байна. Шалгалтаар Туулын хурдны замын 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй төслийн тендер шалгаруулалт, санхүүжилт олголтын явцад нийтийн албан тушаалтнууд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байж болзошгүй гэж үзэн шалгаж байгаа аж.
Мөн Шинэ тойрог авто замын техник, эдийн засгийн үндэслэл болон зураг төслийн 16.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер, Сэлбэ дэд төвийн долоон багц ажил зэрэг нийт 24 төсөл, хөтөлбөрийг хамруулан шалгаж байгаа юм байна. Үүнд нийтийн тээврийн зургаа, авто замын дөрөв, барилгын дөрөв, эрчим хүчний тав, ус хангамжийн таван төсөл багтаж байгаа аж.
Шалгалтад хамрагдсан 24 төслөөс 11-д нь санхүүжилт олгоогүй байгаа бол 13 төсөл хэрэгжиж эхэлсэн нөхцөл байдалтай байгааг тэрбээр мэдээлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 30 дансны нийт 2.6 их наяд төгрөгийн зарлагын гүйлгээг хязгаарлаж, найман хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд тэдгээрээс гурван хүнийг цагдан хорьжээ.
Мөн Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон харьяа байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа.
Тодруулбал, 2024 онд нийслэлд томилогдохоор нэр дэвшсэн 1725 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаснаас 80 хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 198 сая төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө орлого мэдүүлсэн байна.
Харин 2025 онд 821 нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 693 хүнийг зөрчилгүй гэж дүгнэсэн бол 98 хүний хувьд томилогдсон тохиолдолд ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлтэй талаар анхааруулжээ. Мөн зургаан албан тушаалтныг илт зөрчилтэй гэж үзэн холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.
Энэ онд нийт 310 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянаснаас 257 нь зөрчилгүй, 22 хүнд анхааруулга өгч, гурван албан тушаалтныг илт зөрчилтэй гэж үзэн холбогдох арга хэмжээ авахаар хүргүүлжээ.





