УИХ-ын Төсвийн байнгын хорооноос нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалттай холбоотой нээлттэй сонсголыг 2026 оны зургаадугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулахаар товложээ.
Сонсголоор Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд хууль, журмын дагуу хэрэгжсэн эсэх асуудлыг хэлэлцэх юм байна.
Мөн иргэд, аж ахуйн нэгжүүд оролцож, санал хүсэлтээ илэрхийлэх, хяналт тавих боломжтой аж.
Сонсголд оролцох хүсэлтэй иргэн, байгууллагуудын бүртгэл 2026 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд хүсэлтээ бичгээр эсвэл sonsgol@parliament.mn цахим шуудангаар илгээх боломжтой.
Хүсэлтэд овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг бичиж, гарын үсгээр баталгаажуулах шаардлагатай юм байна. Мөн тусгай санал, мэдээлэл танилцуулах бол зургаадугаар сарын 10-наас өмнө урьдчилан хүргүүлэхийг анхааруулжээ.
Түүнчлэн сонсголд оролцох иргэд Төрийн ордон руу нэвтрэхдээ иргэний үнэмлэх эсвэл e-Mongolia цахим үнэмлэхээ шалгуулах бөгөөд албаны эсвэл үндэсний хувцастай ирэх шаардлага тавьсан байна.
Нэмэлт мэдээллийг УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газрын 51-261440 утсаар лавлах боломжтой аж.





