Нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагын өргөтгөсөн шуурхай хурал өнөөдөр болж, бүтцийн нэгжүүдийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар танилцуулан, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.
Хурлын үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах нийт удирдах бүрэлдэхүүнд сахилга зохион байгуулалт, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн үүрэг чиглэл өгсөн байна.
Тухайлбал, улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй гал түймэр унтраах, аврах ангиудын барилгын ажлын явц, чанарт тогтмол хяналт тавьж, аврах ажиллагаанд ашиглах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг үүрэгджээ.
Мөн улсын хэмжээнд хэрэгжиж буй “БҮҮ БАС” нөлөөллийн аяны хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэмэлт арга хэмжээ авахаар болсон байна. Сургууль, цэцэрлэгийн зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор Туул гол орчмын усны ослын эрсдэл нэмэгддэг тул Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон Монголын оюутны холбоотой хамтран усны эргүүлийн үйл ажиллагааг өргөжүүлэн зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Түүнчлэн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, Нийслэлийн Засаг даргын холбогдох захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллахыг үүрэг болгосон байна.
Үүнээс гадна нийслэлийн хэмжээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор гал түймрийн эрсдэлтэй бүсүүд, нөхөн сэргээлтийн талбай, нийтийн эзэмшлийн зам талбай, инженерийн шугам сүлжээ болон үерийн хамгаалалтын барилга байгууламжуудад үзлэг, шалгалтыг эрчимжүүлэхээр болжээ. Энэхүү ажилд дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг өргөнөөр оролцуулахыг мөн чиглэл болгосон байна.
Хурлын төгсгөлд нийт бие бүрэлдэхүүний сахилга, ёс зүйд тавих хяналтыг сайжруулж, албаны бэлтгэл бэлэн байдлыг тогтмол хангахын зэрэгцээ үер усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, сэрэмжлүүлэг мэдээллийг иргэд олон нийтэд шуурхай хүргэн ажиллахыг онцгойлон үүрэг болголоо.





