Өнөөдрийн зурхай
Ubfocus

НӨХӨН СОНГУУЛЬ: 92 нэр дэвшигч өрсөлдөхөөс хамгийн ахмад нь 78 настай бол хамгийн залуу нь 20 настай

Sarantsetseg
Author
June 9, 2026
2 min read
547 views
НӨХӨН СОНГУУЛЬ: 92 нэр дэвшигч өрсөлдөхөөс хамгийн ахмад нь 78 настай бол хамгийн залуу нь 20 настай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль энэ сарын 21-ний өдөр орон даяар зохион байгуулагдана.

Сонгуульд оролцох нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа дууссан бөгөөд аймаг, сумын сонгуулийн хороод нийт 92 нэр дэвшигчид үнэмлэхийг нь гардуулжээ.

Энэ удаагийн нөхөн сонгуулиар аймгийн ИТХ-ын есөн мандат, сумын ИТХ-ын 37 мандат буюу нийт 46 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөх юм.

Тодруулбал, аймгийн ИТХ-ын есөн мандатад 21, сумын ИТХ-ын 37 мандатад 71 нэр дэвшигч бүртгэгдсэн байна.

Нөхөн сонгуульд нийт таван улс төрийн нам оролцож байгаа бөгөөд Монгол Ардын намаас 42, Ардчилсан намаас 40, ХҮН намаас гурван нэр дэвшигч тус тус бүртгүүлжээ. Харин Иргэдийн оролцооны нэгдэл нам болон Иргэний Хөдөлгөөний намаас тус бүр нэг нэр дэвшигч нэр дэвшүүлсэн байна.

Мөн аймгийн ИТХ-д нэг, сумын ИТХ-д дөрвөн нэр дэвшигч бие даан өрсөлдөхөөр болжээ.

Нэр дэвшигчдийн 23.9 хувь буюу 22 нь эмэгтэй байгаа бол хамгийн ахмад нэр дэвшигч 78 настай, хамгийн залуу нэр дэвшигч 20 настай байна.

Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авснаар сонгуулийн сурталчилгаа энэ сарын 6-наас албан ёсоор эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 19-нийг дуустал үргэлжлэх аж.

Хуулийн дагуу Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн орон гарсан тохиолдолд тухайн суудлыг нөхөх зорилгоор нөхөн сонгууль зохион байгуулдаг байна.

Тодруулбал, төлөөлөгч нас барсан, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, шүүхийн шийдвэр гарсан, тухайн орон нутгаас шилжин явсан, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон, мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэр хүчингүй болсон зэрэг тохиолдолд нөхөн сонгууль явуулдаг аж.

Ийнхүү тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гарсан сул орон тоог нөхөх зорилгоор нөхөн сонгуулийг зохион байгуулж, шинэ төлөөлөгчийг сонгодог байна.

Related Stories