Зам, тээврийн хөгжлийн яам-наас цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих бодлогын хүрээнд тодорхой ангиллын автомашинд “ногоон дугаар” олгож, дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх шийдвэр гаргасныг танилцууллаа.
Тус яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан “100 хувь цахилгаан автомашинд ногоон дугаар олгож, замын хөдөлгөөний дугаарын хязгаарлалтаас бүрэн чөлөөлөх шийдвэр гарсан. Мөн үндсэн хөдөлгүүр нь цахилгаан, батарей цэнэглэх зориулалтын нэмэлт эх үүсвэртэй автомашиныг эко ангилалд хамруулж, адил нөхцөлөөр чөлөөлнө” гэж мэдэгдэв.
Албаныхны мэдээлснээр дараах төрлийн тээврийн хэрэгслүүд ногоон дугаар авч, хязгаарлалтаас чөлөөлөгдөнө. Үүнд:
100 хувь цахилгаан буюу BEV (Battery Electric Vehicle)
Цахилгаан үндсэн хөдөлгүүртэй, нэмэлт цэнэглэгч эх үүсвэртэй EREV (Extended Range Electric Vehicle)
Одоогоор ийм ангиллын 72 автомашин бүртгэлтэй байгаа аж.
Харин олон нийтийн дунд түгээд буй ташаа ойлголтын талаар албаныхан тодруулга өгч, hybrid буюу хосолмол хөдөлгүүртэй автомашинууд (жишээлбэл Prius, Aqua зэрэг) нь энэхүү ангилалд хамаарахгүй, ногоон дугаар олгохгүй гэдгийг онцолжээ.
Шинэ зохицуулалт нь байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх, хотын агаарын бохирдлыг бууруулах, иргэдийг цахилгаан автомашин хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой гэж Зам, тээврийн хөгжлийн яам мэдээлэв.





