Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд Найрамдах Казахстан улсад хийсэн ажлынхаа үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд мэдээлэл өглөө.
Тэрбээр томилолтын хүрээнд ОХУ-тай шатахууны нийлүүлэлтийн асуудлаар яриа хэлэлцээ хийж, мөн Казахстан улстай газрын тосны салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар ажилласан байна.
Сайд Г.Дамдинням ОХУ-ын Засгийн газрын тэргүүн болон холбогдох албаныханд Ерөнхий сайд Н.Учралын албан захидлыг уламжилж, Эрчим хүчний сайд С.Е.Цивилев, “Роснефть” компанийн захирал Игорь Сечин, “Газпром нефть” компанийн захирал А.Дюков нартай уулзан хэлэлцээ хийжээ.
Уг уулзалтуудын үр дүнд ОХУ Монгол Улсад түлшийг дотоодын зах зээлийн үнээр нийлүүлэх зарчмын тохиролцоонд хүрсэн байна. Ингэснээр ирэх тавдугаар сард шатахууны үнэ өсөхгүй байх нөхцөл бүрдэж буйг салбарын сайд онцоллоо.
Мөн Казахстан улс жилд нэг сая тонн түүхий нефть Монгол Улсад нийлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж, талууд газрын тосны салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна.
Ийнхүү хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд шатахууны нийлүүлэлт тогтворжих, үнийн өсөлтийг хязгаарлах боломж бүрдэж байгаа талаар албаныхан мэдээлэв.





