УИХ-ын гишүүн П.Мөнхтулга үндэсний бөхийн хүрээнд үүсээд буй маргаантай асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа шударга ёс, эрх зүйн зарчим бүх хүнд ижил тэгш үйлчлэх ёстойг онцоллоо.
Тэрбээр "Монголчууд баяр наадам, Цагаан сараар үндэсний бөхөө үздэг ард түмэн. Гэтэл улс төр байнга хэрүүл маргаантай байдаг шиг бөхийн хүрээний асуудал ч мөн адил маргаан дагуулсан хэвээр байна. Аливаа асуудлыг үзэх болгонд талцал, маргаан үүсдэг байж болохгүй" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Мөн хууль, дүрэм журам буцаан хэрэгжих ёсгүй гэсэн эрх зүйн үндсэн зарчмыг баримтлах шаардлагатайг дурдсан юм. Түүний хэлснээр өмнө нь болсон үйл явдлыг дараа нь батлагдсан шинэ дүрэм, журмаар дүгнэх нь зохисгүй бөгөөд хэрэв шинэ журам гарсан бол зөвхөн цаашид мөрдөгдөх ёстой аж.
Түүнчлэн Р.Пүрэвдагва болон Архангай аймгийн бөхчүүдтэй холбоотой асуудлыг онцгойлон авч үзэхээс илүүтэйгээр өмнө нь гарч байсан ижил төстэй бүх тохиолдолд адил шалгуур, зарчмыг мөрдөх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
"Зураг, телевизийн бичлэгээр нотлогдсон, өрсөлдөгчөө санаатайгаар гэмтээсэн байж болзошгүй үйлдлүүд өмнө нь ч гарч байсан. Хэрэв нэг асуудлыг шалгаж байгаа бол бусад ижил төстэй тохиолдлуудыг мөн адил шалгаж, ижил шалгуураар шийдвэрлэх ёстой" хэмээн тэрээр онцолсон байна.
П.Мөнхтулга гишүүн энэ асуудлаар бөхийн холбоод тодорхой байр суурь илэрхийлж, шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг хэлээд, өөрийн зүгээс ч албан бичгээр холбогдох байгууллагад хандахаар төлөвлөж буйгаа мэдэгдэв.
Тэрээр "Хэрэв шийдвэр гаргахдаа субъектив хандлага, ялгавартай байдал гаргаж байгаа бол яагаад ижил нөхцөл байдалд бүгдэд нь адилхан хандахгүй байгаа талаар тайлбар өгөх ёстой" гэсэн байр суурийг илэрхийллээ.
Мөн спорт бол өрсөлдөөн, сэтгэл хөдлөл дагуулдаг салбар хэдий ч тамирчин хүн ёс зүйгээ сахиж, сэтгэлзүйгээ удирдах үүрэгтэйг сануулсан юм.
Түүний үзэж буйгаар энэхүү асуудлыг зөвхөн нэг бөхийн асуудал гэж бус, үндэсний бөхийн нэр хүнд, баяр наадмын үнэ цэнэ, шударга өрсөлдөөний зарчимтай холбон авч үзэх шаардлагатай аж.
"Монголчуудын хамгийн өргөнөөр үздэг спортын нэг болох үндэсний бөх нь үргэлж маргаан, талцлын сэдэв биш, харин эв нэгдэл, шударга өрсөлдөөний бэлгэ тэмдэг байх ёстой" хэмээн тэрээр хэллээ.





