Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал асан Ц.Гантулга, өмгөөлөгч П.Одонтунгалаг, “Баян хотгор” ХХК-ийн Б.Мандахбаяр нарт холбогдох авлигын хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр хэлэлцэхээр товложээ.
Тус хэргийг өнгөрсөн хоёрдугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд нэр бүхий шүүгдэгчдийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэмт хэрэгт буруутайд тооцсон юм.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбатыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, 27 сая төгрөгөөр торгох ял оноосон байна.
Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал асан Ц.Гантулгыг ижил төрлийн гэмт хэрэгт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасан, 15 сая төгрөгөөр торгох ял оноожээ.
Харин өмгөөлөгч П.Одонтунгалагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэмт хэрэгт хоёр жилийн хугацаанд хуульчийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял оноосон байна.
Энэхүү хэрэгтэй холбоотой давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэг өнөөдөр нийслэлд үргэлжлэх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх эсэхийг хэлэлцэх юм.





