Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуульд таван улс төрийн нам оролцохоо илэрхийлээд байна. Тодруулбал Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, ХҮН Нам, Их Нам, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлжээ.
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-т зааснаар намууд сонгуульд оролцох хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд 4 дүгээр сарын 22-ноос өмнө хүргүүлэх бөгөөд сонгуулийн хороо тав хоногийн дотор бүртгэх эсэх шийдвэрээ гаргах юм.
Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн нэр дэвшүүлэх ажиллагаа 5 дугаар сарын 7-13-ны хооронд үргэлжлэхээр товлогджээ. Харин нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш гурав хоногийн дотор буюу 5 дугаар сарын 16-наас өмнө холбогдох баримт бичгийг сонгуулийн хороонд хүргүүлэх юм.
Тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчдийн материалыг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэхийг шийдвэрлэж, тогтоол гаргана. Улмаар нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэр гарсан тохиолдолд 6 дугаар сарын 6-нд нэр дэвшигчийн үнэмлэх олгож, олон нийтэд мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх аж.
Энэ удаагийн нөхөн сонгууль нь орон нутгийн төлөөллийн байгууллагуудын сул орон тоог нөхөхөөс гадна улс төрийн намуудын орон нутаг дахь дэмжлэг, зохион байгуулалтын чадавхыг сорих улс төрийн чухал сорилт болно гэж ажиглагчид үзэж байна.





