Өнөөдрийн зурхай
Ubfocus

СОНСГОЛ ТОЙМ: Улаанбаатарын 16 мега төсөл 28.8 их наяд төгрөгийн өртөгтэй ч гүйцэтгэл 4.8 хувьтай байна

Sarantsetseg
Author
June 15, 2026
2 min read
348 views
СОНСГОЛ ТОЙМ: Улаанбаатарын 16 мега төсөл 28.8 их наяд төгрөгийн өртөгтэй ч гүйцэтгэл 4.8 хувьтай байна

Төрийн ордонд өнөөдөр эхэлсэн “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсголын үеэр нийслэлийн төсөв, санхүүгийн нөхцөл байдалтай холбоотой анхаарал татахуйц тоон мэдээллүүдийг танилцууллаа.

Сангийн сайд З.Мэндсайханийн мэдээлснээр нийслэлийн төсвийн орлого 2025 оны гүйцэтгэлээр 3.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 24 хувиар өссөн байна. Гэсэн хэдий ч зарлагын өсөлт үүнээс өндөр буюу 32 хувьд хүрч, нийт зарлага 4.5 их наяд төгрөг болсон талаар онцоллоо.

Мөн нийслэлийн төсвийн алдагдал 2026 оны төлөвлөгөөгөөр 2.4 их наяд төгрөгт хүрэхээр байгаа нь улсын нэгдсэн төсвийн нийт алдагдлаас давсан үзүүлэлт болж байгааг анхааруулав. Түүний хэлснээр нийслэлийн төсвийн зардал сүүлийн жилүүдэд эрчимтэй тэлж, 2022 онд 1.4 их наяд төгрөг байсан зарлага 2026 онд 7.8 их наяд төгрөг болж өссөн байна.

Сонсголын үеэр иргэд болон ТББ-ын төлөөллүүд нийслэл төсвийн сахилга бат, төлөвлөлтийн зарчмыг хангалтгүй мөрдөж байгааг шүүмжилсэн юм. Тухайлбал, нийслэл 2024 онд төсвөө дөрвөн удаа тодотгож, алдагдлаа нэмэгдүүлсэн бөгөөд төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилт хангалтгүй байгааг дурдав.

Хөрөнгө оруулалтын зардал нийт төсвийн зардлын 53 хувийг эзэлж байгаа ч төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн түвшин хангалтгүй байгаа аж.

Мөн нийслэлээс хэрэгжүүлж буй 16 мега төслийн нийт төсөвт өртөг 28.8 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1.3 их наяд төгрөг зарцуулагдаж, ердөө 4.8 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар танилцууллаа.

Түүнчлэн нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой байгууллагуудын засаглалтай холбоотой асуудал ч сөхөгдсөн байна. НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнээр ажиллаж, нийт 104 суудал эзэлж байгаа нь ашиг сонирхлын зөрчил болон хяналтын хараат бус байдалд эрсдэл үүсгэж болзошгүй гэж үзжээ.

Related Stories