Өнөөдрийн зурхай
Ubfocus

Суррон, скүүтерийн шинэ хууль батлагдлаа: 18-аас доош насныхан унахыг хориглов

Sarantsetseg
Author
June 12, 2026
2 min read
465 views
Суррон, скүүтерийн шинэ хууль батлагдлаа: 18-аас доош насныхан унахыг хориглов

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг эцэслэн баталлаа. Ингэснээр цахилгаан скүүтер, суррон зэрэг тээврийн хэрэгслийн хэрэглээг анх удаа хуульчилж, хөдөлгөөнд оролцох журам, хариуцлагыг тодорхой болгож байна.

Шинэ зохицуулалтаар сурроныг мотоциклийн, харин скүүтерийг мопедын ангилалд хамруулжээ. Суррон жолоодох иргэн 18 нас хүрсэн, А ангиллын жолооны үнэмлэхтэй байх шаардлагатай бол скүүтер, мопедыг зөвхөн унадаг дугуйн зам эсвэл авто замын баруун эгнээгээр унах эрхтэй болж байна.

Мөн скүүтер, суррон, мопедыг явган хүний замаар зорчихыг бүрэн хориглосон бөгөөд 18 нас хүрээгүй хүүхэд эдгээр хэрэгслийг унасан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид хариуцлага тооцохоор тусгажээ.

Хуулийн хүрээнд мопед, скүүтер хэрэглэгчид тусгай сургалтад хамрагдаж, жолооч бэлтгэх байгууллагын мэдээллийн санд бүртгүүлэх шаардлагатай. Түүнчлэн эзэмшигч нь тээврийн хэрэгслээ албан ёсоор бүртгүүлэх үүрэг хүлээнэ.

Зөрчил гаргасан иргэдэд 50 мянгаас 200 мянган төгрөг хүртэл торгууль ногдуулах бөгөөд согтуугаар скүүтер, мопед жолоодох, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулах, гарцаар унаж зам хөндлөн гарах зэрэг үйлдлийг зөрчилд тооцно.

Харин 18 нас хүрээгүй хүүхдээр скүүтер, мопед жолоодуулсан эцэг эх, асран хамгаалагчийг 200 мянган төгрөгөөр торгохоор болсон байна.

Нийтийн хэрэглээний скүүтерийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад ч шинэ шаардлага тавигдаж байгаа бөгөөд зөвшөөрөлгүйгээр үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд скүүтерүүдийг хурааж, иргэнийг 10 сая, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгохоор хуульчилжээ.

Хууль батлагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд албан ёсоор нийтлэгдсэний дараа хэрэгжиж эхлэх юм. Мөн скүүтер, мопедыг бүртгэлжүүлэх ажлыг энэ сарын 30-ны дотор зохион байгуулахаар тусгажээ.

Related Stories