Талийгаач Ч.Шинэсаран охины ээж Г.Отгонтуяа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд хандан өргөдөл гаргаж, охиных нь амь насыг хохироосон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шийдвэрүүдэд эргэлзэж буйгаа илэрхийлжээ.
Тэрбээр өргөдөлдөө хэрэг анх бүртгэгдсэн үеэс эхлэн мөрдөн шалгах ажиллагаа хууль зөрчсөн байдлаар явагдсан гэж үзэж байгаагаа дурдсан байна. Мөн хэрэгт холбоотой зарим этгээдийг хохирогчийн статустайгаар шалгасан нь хэргийн бодит нөхцөл бүрэн тогтоогдоход сөргөөр нөлөөлсөн гэжээ.
Түүнчлэн хэргийн газрын хамгаалалт, анхны мэдүүлэг авах ажиллагаа, нотлох баримтын үнэлгээтэй холбоотой хэд хэдэн асуудлыг хөндөж, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд явагдаагүй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Мөн давж заалдах шатны шүүхийн шийдвэр албан ёсоор гарахаас өмнө мэдээлэл зарим цахим хуудсанд нийтлэгдсэн нь шүүхийн зөвлөлдөх тасалгааны нууц алдагдсан байж болзошгүй гэсэн үндэслэлтэй хэмээн үзэж, Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаснаа дурджээ.
Иймд охиных нь хэрэгтэй холбоотой гомдол, хүсэлтийг холбогдох байгууллагуудад уламжилж, хуульд заасан хүрээнд анхаарч үзэхэд дэмжлэг үзүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүссэн байна.





