Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид алба хааж байсан 19 настай хугацаат цэрэг Э.Ч өнгөрсөн тавдугаар сарын 19-нд амиа алдсан хэрэгтэй холбоотой шүүх шинжилгээний дүгнэлт гарчээ. Эх сурвалжуудын мэдээлснээр мөрдөн шалгах ажиллагааны явцад талийгаачийг хамт алба хааж байсан цэрэг Б.Д дүрэмт хувцасны зах хэсгээр хоолойг нь боож, амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл тогтоогдсон байна.
Талийгаачийн нас барсны гэрчилгээнд хүзүү, нугасны гэмтлийг илтгэх S14 онош тэмдэглэгдсэн бөгөөд ар гэрийнхэн нь гадны нөлөөтэйгээр амиа алдсан гэх байр сууриа хэвээр хадгалж байгаа аж.
Мөн хэрэг гарсан өрөө камергүй байсан ч ойр орчмын камерын бичлэгт үзлэг хийх явцад бичлэг дундаасаа тасарсан байж болзошгүй нөхцөл илэрсэн тул холбогдох байгууллагууд нэмэлт шинжилгээ хийж байгаа юм байна.
Одоогоор хэргийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газар мөрдөн шалгаж байгаа бөгөөд энэ сарын дундуур прокурорт шилжүүлж, зургаадугаар сарын сүүлчээр шүүхэд хүргүүлэхээр ажиллаж байгаа аж.
Харин хэрэг гарснаас хойш сар орчмын хугацаа өнгөрсөн ч холбогдох удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцсон талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна.





