Улаанбаатар хотын орон сууцны хорооллын халаалтыг 2026 оны тавдугаар сарын 15-наас албан ёсоор зогсоохоор болсон байна. Үүнтэй зэрэгцэн зуны их засварын ажлыг эхлүүлэх бөгөөд тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд дулааны үндсэн шугамын засвар, шинэчлэлийг үе шаттайгаар хийх хуваарийг баталжээ.
Энэ жилийн хувьд засварын ажлыг 8-9 хэсэгт хуваан гүйцэтгэхээр төлөвлөсөн бөгөөд эхний ээлжийн ажил тавдугаар сарын 18-наас 28-ны хооронд Хан-Уул дүүрэг-ийн нутаг дэвсгэрт хэрэгжинэ. Тухайлбал, Вива сити, Шинэ Яармаг, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, XIX хороолол, Туулын хөвөө, Зайсан орчим, НЗДТГ-ын Хангарди орчим, Төв цэнгэлдэх хүрээлэн болон дүүргийн нэгдсэн эмнэлэг орчмын айл өрхүүдийн халуун усыг түр хугацаанд хязгаарлаж, дулааны шугамд засвар хийхээр төлөвлөсөн байна.
Ингэснээр дээрх бүсүүдийн оршин суугчдын халуун ус ойролцоогоор 10 хоног тасалдах бөгөөд засварын ажлыг дуусгасны дараа хэвийн горимд шилжүүлэх юм. Хотын хэмжээнд хийгдэх энэхүү зуны их засвар нь өвлийн улиралд дулаан хангамжийг найдвартай, тасралтгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой гэдгийг албаныхан онцолж байна.





