Өнөөдрийн зурхай
Ubfocus

“Туулын хурдны зам”-ын хэрэгт холбогдсон Т.Даваадалайг суллуулах хүсэлт гаргажээ

Sarantsetseg
Author
May 26, 2026
2 min read
121 views
“Туулын хурдны зам”-ын хэрэгт холбогдсон Т.Даваадалайг суллуулах хүсэлт гаргажээ

Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг Авлигатай тэмцэх газар-аас яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд түүнд энэ сарын 22-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна.

Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Даваадалай нь “Туулын хурдны зам” төслийн сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдээс өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн компаниудаар дамжуулан их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Үүнд:

  • Эхнэр Б.Анхтуяа болон түүний үеэл дүүгийн байгуулсан компаниудын дансаар 5.6 тэрбум төгрөг

  • Б.Анхтуяагийн найзын байгуулсан хоёр компанийн дансаар 709 сая төгрөг

  • Б.Анхтуяагийн 50 хувийг эзэмшдэг компанийн дансаар 47.9 сая төгрөг

нийтдээ 6.6 тэрбум төгрөг шилжүүлэн авсан байж болзошгүй нь ил болоод байгаа аж.

Иймд түүнийг Эрүүгийн хуулийн:

  • 22.1 дүгээр зүйл /эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/

  • 22.4 дүгээр зүйл /нийтийн албан тушаалтан хахууль авах/

  • 18.6 дугаар зүйл /мөнгө угаах/

  • 17.4 дүгээр зүйл /хөрөнгө завших/

зэрэг зүйл ангиудаар яллагдагчаар татан шалгаж байна.

Мөн прокурорын саналаар шүүхээс “нотлох баримт устгах, нуун далдлах, хуурамчаар үйлдэх, дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй” гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Харин Т.Даваадалайгийн өмгөөлөгчөөс түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гарган Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргажээ.

Одоогоор уг гомдлыг хэлэлцэх шүүх хурлын тов гараагүй байгаа бөгөөд Т.Даваадалайг суллуулахаар өмгөөлөгч нь шүүхэд хандаад байгаа юм.

Related Stories