Өнөөдрийн зурхай
Ubfocus

Үндэсний батлан хамгаалахын их сургуульд “Монгол Улсын Баатар” цол хүртээлээ

Sarantsetseg
Author
October 15, 2026
1 min read
172 views
Үндэсний батлан хамгаалахын их сургуульд “Монгол Улсын Баатар” цол хүртээлээ

Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган байгууллагуудын нэг, Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний батлан хамгаалахын их сургууль түүхт 105 жилийн ойгоороо төрийн дээд цол болох “Монгол Улсын Баатар” цол хүртлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх тус сургуулийн хамт олонд Монгол Улсын Баатар цолны “Алтан таван хошуу” болон Сүхбаатарын одонг хамтатган гардуулсан байна.

1921 онд жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар үндэсний цэргийн боловсон хүчнийг эх орондоо бэлтгэх зорилгоор байгуулагдсан тус сургууль 105 жилийн хугацаанд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулжээ. Тус сургуулиас үе үеийн цэргийн дарга, офицер, ахлагч болон төр, цэргийн зүтгэлтнүүд төрөн гарсан түүхтэй.

Төгсөгчид нь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхийг хамгаалах үйл хэрэгт оролцохын зэрэгцээ энхийг сахиулах болон НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж ирсэн юм.

Өдгөө Үндэсний батлан хамгаалахын их сургууль офицер, ахлагч бэлтгэх үндсэн чиг үүргээс гадна кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, шинжлэх ухаан, технологи, инновац, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн чиглэлээр сургалт, судалгаагаа өргөжүүлж, орчин үеийн Зэвсэгт хүчний хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэж байна.

Ийнхүү түүхт 105 жилийн ойгоороо төрийн дээд цол хүртсэн Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш, ажилтан, алба хаагчид, сонсогч, суралцагчдад баяр хүргэж байна.

Related Stories

Үндэсний батлан хамгаалахын их сургуульд “Монгол Улсын Баатар” цол хүртээлээ | Ubfocus