Өнөөдрийн зурхай
Ubfocus

Үрчлэн авсан хүүхдийн шалгуур дээр гишүүд маргалдав

Sarantsetseg
Author
May 19, 2026
2 min read
227 views
Үрчлэн авсан хүүхдийн шалгуур дээр гишүүд маргалдав

УИХ-ын Байнгын хорооны хуралдааны эхэнд Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн Л.Энхнасан хийлээ.

Тэрбээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр гарсан зарчмын зөрүүтэй саналуудыг тусган, эцсийн хувилбарыг боловсруулсан талаар мэдээлэв.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, М.Нарантуяа-Нара, Д.Рэгдэл, Б.Бейсен нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа эхийг урамшуулах, хүүхэд үрчлүүлэхтэй холбоотой асуудлыг хуульд илүү тодорхой тусгаж, журмаар зохицуулж буй зарим асуудлыг нарийвчлан зохицуулах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлэв.

Харин УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара монгол хүнтэй гэр бүл болж, олон хүүхэд төрүүлсэн гадаадын иргэдийг урамшуулалд хэрхэн хамруулах талаар тодруулж, хариулт авсан байна.

Мөн УИХ-ын гишүүн Д.Рэгдэл “Эхийн алдар” одон авсан эх бага хүүхдээ өөр хүнд үрчлүүлсэн тохиолдолд үрчилж авсан эх нь одон авах шалгуур хангавал хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудлыг хөндөж, давхардлыг арилгах зохицуулалт шаардлагатайг онцоллоо.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Бейсен төрсний гэрчилгээ авсны дараа хүүхэд эндэх, эсвэл удаан амьдрах боломжгүй гажигтай төрөх тохиолдол байдаг тул олон хүүхдээ алдсан эхчүүд урамшуулалд хамрагдах асуудал улсын төсөвт дарамт учруулж болзошгүйг анхааруулав.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа хуулийн төслийг анхны санаачлагчдын боловсруулсан хувилбараар хэвээр үлдээх зарчмын зөрүүтэй санал гаргасан байна.

Тодруулбал, ажлын хэсгээс үрчлэн авсан хүүхдэд тавигдах “тэр үед гурав хүртэлх насанд нь” гэсэн шалгуурыг хуулиас хасах санал оруулсныг тэрбээр дэмжээгүй юм. Улмаар энэхүү заалтыг хэвээр үлдээх А.Ариунзаяагийн гаргасан саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжжээ.

Related Stories