Өнөөдрийн зурхай
Ubfocus

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Тайван нарын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ

Sarantsetseg
Author
June 2, 2026
2 min read
117 views
УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Тайван нарын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг болон Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц-ын хүү Х.Тайван нарын хооронд гарсан зодооны хэргийг мөрдөн шалгаж дууссан бөгөөд шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.

Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 5-нд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдан, нэгнийхээ биед халдсан гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байсан юм. Улмаар тэднийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллагдагчаар татан мөрдөн шалгаж дууссан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, зодооны дараа хоёр тал хоёулаа Шүүх шинжилгээний байгууллагад хандсан бөгөөд дүгнэлтээр хөнгөн гэмтэл авсан нь тогтоогджээ. Мөн тэдэнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа аж.

Одоогоор прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн эсэх талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна. Гэхдээ хэрэг хоёр сар гаруйн өмнө мөрдөн байгууллагаас прокурорт шилжсэн гэх мэдээлэл байгаа юм.

Үүнээс гадна УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг Тагнуулын байгууллагаас өөр хэрэгт шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Түүнийг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахтай холбоотой Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйлээр шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Тодруулбал, иргэн О.Отгонтөгсөөс УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарыг Үндсэн хууль зөрчсөн, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж, хуулийн байгууллагад гомдол гаргасан байна.

Уг гомдлыг Улсын Ерөнхий прокурорын газраас харьяаллын дагуу Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн бөгөөд үүнтэй холбоотой шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Related Stories