Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгаль экологийн тэнцлийг хангах чухал үүрэгтэй шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо.

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах, байгаль орчны бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой шинэ Төв цэвэрлэх байгууламж албан ёсоор ашиглалтад орлоо.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт баригдсан энэхүү байгууламж нь хоногт 250 мянган шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд хуучин төв цэвэрлэх байгууламжаас хоёр дахин өндөр хүчин чадалтай юм.
Нийт 55 барилга байгууламжаас бүрдэх уг цогцолбор нь гарсан лагийг бүрэн боловсруулж, биохийн аргаар эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэгцээнийхээ 35 хувийг хангах боломжтой. Ингэснээр жил бүр 7-8 тэрбум төгрөгийн эрчим хүчний зардал хэмнэх тооцоо гарчээ.
Нээлтийн арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Ван И нар оролцлоо.
Шинэ төв цэвэрлэх байгууламжийн шавыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ тавьж, бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан юм.
Төслийг БНХАУ-ын 249.6 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Монгол Улсын 13.1 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлжээ. Талууд энэхүү бүтээн байгуулалтыг Монгол, Хятадын хамтын ажиллагааны бодит үр дүн, хоёр орны найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг хэмээн онцолсон байна.
Мөн цэвэрлэх байгууламжтай уялдан ажиллах Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг өмнө нь Мянганы сорилтын корпорац-ын буцалтгүй тусламжаар ашиглалтад оруулсан бөгөөд ингэснээр Улаанбаатар хотын усны салбарын томоохон шинэчлэл бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэж байна.
1964 онд ашиглалтад орсон хуучин төв цэвэрлэх байгууламж хоногт 160-170 мянган шоо метр бохир ус хүлээн авах хүчин чадалтай байсан ч хүн амын өсөлт, хотжилтын улмаас ачааллаа дийлэхээ больж, шинэ байгууламж барих шаардлага үүсээд байсан юм.






