Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2026 оны хаврын тариалалтын явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулга хийлээ. Энэ онд улсын хэмжээнд нийт 633.4 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөснөөс 372.7 мянган га-д үр тариа, 16 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо, 121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал тариалахаар төлөвлөжээ.
Тавдугаар сарын 12-ны өдрийн байдлаар хаврын тариалалт улсын хэмжээнд 44.6 мянган га талбайд хийгдээд байгаа бөгөөд үүнээс 42.1 мянган га-д үр тариа, 1.1 мянган га-д төмс, 833 га-д хүнсний ногоо, 460 га-д тосны ургамал тариалсан байна.
Мөн “Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд тариалан эрхлэгчдэд олгох 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг 55 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Үүнээс гадна төмс, хүнсний ногооны тариалангийн механикжуулалтыг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн байна.
Одоогийн байдлаар 521 иргэн, аж ахуйн нэгжид нийт 87.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн бол 345 иргэн, аж ахуйн нэгжийн 68.87 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг арилжааны банкууд судалж байгаа аж.
Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа сайд Ц.Идэрбат махны үнийн асуудалд орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцолсон юм. Тэрбээр нийслэлийн хэмжээнд нөөцийн махны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгааг дурдаад, одоогоор 1600 орчим тонн махыг агуулахаас нийлүүлж байгааг мэдээллээ. Мөн өмнө нь 380 гаруй цэгээр худалдаалж байсан нөөцийн махыг одоо 630 гаруй цэгээр борлуулж байгаа аж.
Түүнчлэн улсын хэмжээнд байгаа нөөцийн махнаас 600 орчим тонн нь хонины, 1100 тонн нь үхрийн мах байгааг хэлэв. Харин сүүлийн нэг сарын хугацаанд Монгол Улсаас нийт 2100 тонн мах экспортод гаргасны дотор 870 тонн адууны мах, 1100 орчим тонн дулааны аргаар боловсруулсан мах, 40 тонн хонины мах багтаж байгаа талаар мэдээлсэн юм.





