Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр өнөөдөр нийслэлийн ус, дулаан, цахилгаан, мэдээлэл холбоо, авто зам, замын хөдөлгөөн болон үерийн далангийн ашиглалт хариуцсан байгууллагуудын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр 2026 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөт засвар, шинэчлэлийн ажлуудын явцын мэдээлэлтэй танилцаж, холбогдох асуудлуудаар шийдвэр гарган, үүрэг чиглэл өгсөн байна.
Тодруулбал, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр засвар үйлчилгээний ажлыг зохион байгуулах, төлөвлөгөөт ажлуудыг хугацаанд нь чанартай гүйцэтгэхэд онцгой анхаарахыг үүрэг болгожээ.
Мөн засварын ажлын үеэр хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд мөрдөж ажиллахыг анхааруулсан байна.
Түүнчлэн инженерийн шугам сүлжээ болон дэд бүтцийн засвар, үйлчилгээний ажлуудыг 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн дуусгах чиглэлийг холбогдох байгууллагуудад өгчээ.





