Авлигатай тэмцэх газар-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн Ж, Г нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэжээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаал хашиж байсан Д.Ж нь өөрийн хүү Ж.Г-тай урьдчилан үгсэн тохиролцож, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын эрх мэдэл, нэр хүндээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашигласан нь тогтоогдсон байна. Улмаар өөртөө болон хамаарал бүхий этгээдэд эдийн засгийн давуу байдал бий болгож, гэмт хэргийн улмаас олсон 700 мянган ам.долларын эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор гадаад улсад аж ахуйн нэгж байгуулан хууль бус үйл ажиллагаа явуулж, мөнгө угаасан гэж үзжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, мөн гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашиглан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.
Улмаар тэдний нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ. Мөн 1 тэрбум 578 сая 924 мянган төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.





